УОК: Их халалтын үеэр Говийн нутгаар 42 хэм хүртэл хална

Халдварт өвчин, цаг агаарын урьдчилсан мэдээ, үер усны гамшгийн нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл өглөө.

Хэвлэлийн хурлын үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал “Долдугаар сар гарсаар хур бороо элбэгтэй өдрүүд өнгөрлөө. Тухайлбал үргэлжилсэн борооны улмаас Улаанбаатар болон төвийн аймгийн нутгууд дахь Туул, Сэлбэ, Санзай гол үерлэсэн.

Мөн энэ сарын 23-нд нийслэлд түр зуурын аадар бороо орж, үерийн нөхцөл байдал үүссэн билээ. Гурван цагийн хугацаанд 50 мм-ээс дээш бороо орсон тохиолдолд гамшигт үзэгдэл хэмээн үздэг. Тухайн үед 26-86 мм бороо орсон нь гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн гэсэн үг.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн баруун аймгийн нутгуудын баруун өмнөөс халах төлөвтэй байна. Өчигдрийн байдлаар Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 40 градус хүрчээ. Энэ төлөв говийн аймгуудын нутгаар зургаан хоног үргэлжлэхээр байна” гэв.

Хур тунадас орох урьдчилсан мэдээ: 

  • Долдугаар сарын 30-нд Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо,
  • Долдугаар сарын 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын аадар бороо,
  • Наймдугаар сарын 1-нд Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгийн нутгуудын баруун хэсгээр бага зэрэг бороо,
  • Наймдугаар сарын 2-нд Төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа аж.

Их халалтын үеэр:

  • Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12, өдөртөө 24-29 градус,
  • Говийн бүс нутгаар шөнөдөө 22-27, өдөртөө 37-42 градус,
  • Их нуруудын хотгор, Говийн бүсүүдийн хойд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24, өдөртөө 33-38 градус,
  • Бусад нутгаар шөнөдөө 14-19, өдөртөө 29-34 градус хүрч хална.

Үргэлжлүүлэн тэрбээр “Ойрын өдрүүдэд монгол орны ихэнх нутгаар халах бөгөөд үүний дараа орох бороо усархаг байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл үерийн нөхцөл байдал үүсэх магадлалтай гэсэн үг” хэмээн нэмж мэдээлэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments