Аймгийн начин М.Балжиннямын барилдах эрхийг гурван жилээр хасжээ

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын хурал боллоо. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням өрсөлдөгч бөхдөө ёс зүйгүй үйлдэл гаргасан нь цахим орчинд иргэдийн дургүйцлийг төрүүлээд байсан билээ.

Тэгвэл Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн тогтоол гарсан байна.

“МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5, 8.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн:

А. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням нь 2023 оны 7 сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын баяр наадамд барилдахдаа гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн болохыг ТЭМДЭГЛЭН, ТОГТООСОН НЬ:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням нь “Ёс зүйн дүрэм”-ийн:

– 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,

– 3.4.3 дахь хэсэг буюу Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх,

– 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;
заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

2. Зөрчил гаргагч М.Балжиннямыг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1-т заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдэв” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *