|

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлвийг “тогтвортой” хэвээр үлдээжээ

Эс энд Пи агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлвийг “тогтвортой” хэвээр үлдээснээ долдугаар сарын 27-ны өдөр зарлав.

Тус байгууллагаас гаргасан хэвлэлийн мэдээлэлд дараах үндэслэлийг харгалзан Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг тайлбарлав. Үүнд:

Институт ба эдийн засгийн байдал:

БНХАУ хилээ дахин нээснээр түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.5 хувиар өснө. Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв сайн байна гэж үзэж байна. Тухайлбал, уул уурхайн салбар дах гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр бодит ДНБ 2026 он хүртэл жилд дунджаар 6 орчим хувиар өснө.

2022 онд дунджаар 15.2 хувь байсан инфляц аажмаар буурч байгаа хэдий ч өндөр байна. Түүнчлэн, зээлийн хүү өндөр байгаа нь хэрэглээг хязгаарлах хүчин зүйл боллоо.

Монгол Улсын эдийн засаг БНХАУ руу экспортлох түүхий эдээс ихээхэн хамааралтай учраас гадаад эрсдэлд өртөмтгий байдаг. Засгийн газраас нүүрсний экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах зорилгоор дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийж, ашиглалтад оруулаад байна.

Институтийн болон засаглалын сул байдал нь зээлжих зэрэглэлийг ахиулахад хязгаарлалт болж байгаа хэдий ч Монгол Улсын бодлого боловсруулалт, тогтвортой байдал цаашид аажмаар сайжирна гэж хүлээж байна.

Уян хатан байдал, үр дүнгийн үзүүлэлт:

2023 онд төсвийн алдагдал ДНБ-ий 2.6 хувьтай тэнцэнэ гэж таамаглаж байна. 2024 оны сонгуулиас өмнө эдийн засгийг дэмжих зорилгоор засгийн газар зардлаа нэмэгдүүлэхээр байна. Төсвийн орлого төсөөлж байснаас өндөр гарсан нь 2021 онд ДНБ-ий 2.6 хувьтай тэнцэх алдагдалтай байсан төсөв 2022 онд ДНБ-ий 1.3 хувийн ашигтай гарахад хүргэв.

Төсвийн алдагдлыг бууруулахын зэрэгцээ ДНБ-ий нэрлэсэн өндөр өсөлтийн нөлөөгөөр гадаад өрийн дарамтаа үлэмж хэмжээгээр бууруулав. 2022 онд Засгийн газрын цэвэр өрийн ДНБ-д эзлэх хувь 2020 оны түвшнээс 14 орчим нэгж хувиар буурч, 63.6 хувьд хүрсэн байна. Тус үзүүлэлт 2023 онд 57.8 хувь, ирэх жил гэхэд 55 хувиас бага болно гэж таамаглаж байна. Ингэснээр Засгийн газар 2024 оны эцэс гэхэд алдагдлаа ДНБ-ий 2.5 орчим хувь хүртэл бууруулна хэмээн дурдсан байна.

Экспортын өсөлтөөс хол давсан импортын өсөлт худалдааны ашиг буурч, урсгал дансны алдагдал 2022 онд ДНБ-ий 13.5 хувьд хүрэхэд нөлөөлөв. Гэсэн хэдий ч гадаад өрийн түвшин буурахын зэрэгцээ гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр урсгал дансны алдагдал 2025 он гэхэд ДНБ-ий 7.7 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Монгол Улсын гадаад өр төлбөртэй холбоотой эрсдэлүүд нь олон улсын донор харилцагчдын зээлийн дэмжлэгээр буурч байна.

Оюутолгойн гүний уурхайн олборлолтын хэмжээ нэмэгдэж, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хурдсаж байгаа энэ үед ирэх жилүүдийн экспортын өсөлт нь Монгол Улсын гадаад нөхцөл байдал сайжрахад нөлөөлнө хэмээн дурдсан байна.

Засгийн газар энэ оны эхээр таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргаснаар энэ он болон ирэх онд төлөгдөх гадаад өрийн зарим хэсгийг дахин санхүүжүүлэх боломжтой болсон. Гадаад валютын нийт нөөц 2022 оны наймдугаар сард огцом буурч, 2.7 тэрбум ам.доллар болоод байсан бол экспортын сэргэлтээс үүдэн 2023 оны 6 дугаар сарын эцэст 3.8 тэрбум ам.долларт хүрч сэргэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *