Нийслэлийн үнэт цаасаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дөрвөн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлаар нийслэлийн үнэт цаас гаргахтай холбогдуулан 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай, мөн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар НЗДТГ-ын дарга И.Баатархүү танилцууллаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан юм. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын хурлаар Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулаад буй.

Энэ хүрээнд үнэт цаас гарган татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, “Сэлбэ сэргэлт” төслийн бүтээн байгуулалтын зардлыг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө:

-Үнэт цаасыг арилжаалах замаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг төсөвт тусгасан байх, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан байх зэрэг шаардлага хангасан төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна. Нийслэлийн хэмжээнд ирэх хичээлийн жилд 47 сургууль гурван ээлжээр хичээллэх төлөвтэй. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь яаралтай шийдэх асуудал юм. Мөн энэ сарын эхээр үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан гамшгийн эрсдэлээс сэргийлэх бүтээн байгуулалт чухлыг бид харлаа хэмээсэн юм.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *