Монгол эмэгтэй БНСУ-д амаржиж, “ГУРВАН ИХЭР” хүүхэд төрүүлжээ
Өмнөд Солонгосын Korea их сургуулийн дэргэдэх “Ансан” эмнэлгээс “Кёнгидо мужийн Данвон-гу хотод байрлах нэгэн эмнэлэгт долоодугаар сарын 28-ны өдөр монгол эмэгтэй (34 долоо хоногтой) кесар хагалгаагаар амаржиж, гурван ихэр хүүхэд төрүүлсэн талаар мэдээлжээ.
Хүүхдүүдийн аав нь узбек хүн бөгөөд тэд эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байсан тул санхүүгийн хувьд нөхцөл байдал хүнд байгаа аж.
Хосууд гурван ихэр хүүхэд төрүүлэхэд хэдэн арван сая вон төлөх ёстой ч дутуу төрөх шинж тэмдэг илэрсэн тул эмнэлгийн ажилтнууд яаралтай арга хэмжээ авч, ихрүүдийг эсэн мэнд эх барьжээ. Эмнэлгийн ажилтнууд мэдээлснээр ихрүүдийн эхнийх 2.23 кг, хоёр дахь нь 2.38 кг, гурав дахь нь 2.29 кг жинтэй төржээ.
Гурван ихрийг төрсний дараа шууд Нярайн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн бөгөөд эмнэлгийн нийгмийн ажилтнууд хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төвлөрүүлэхээр арга зам судалж байгаа гэнэ.