Зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийг өөрчлөх санал авч байна
Нийслэл дэх зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар иргэд, ААН-ээс санал авч эхэлжээ. Энэ талаар Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Бумцэндээс тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүд болон дүүргийн иргэдээс ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар санал авах тухай албан тоотыг дүүргийн удирдлагуудад хүргүүлсэн. Дүүргүүдээс ирсэн саналыг нэгтгэн зах, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг шинэчлэн батлах юм.Дүүргүүд албан ёсны цахим хуудас, групп хаягуудаар санал иргэдээс авч байгаа.Санал асуулгын агуулгад зах, худалдааны төвүүд долоо хоногийн аль гарагт амрах, хэдэн цагт нээх, хаах зэргийг тусгасан. Тэгэхээр иргэд болон зах, худалдааны төвүүдийн саналыг харгалзан, өөрчлөлт оруулна” гэлээ.
Санал асуулга наймдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Дүүргүүдээс ирсэн саналыг нэгтгээд УБЗАА-ны сайтад нийтэлж иргэдээс дахин санал авах юм байна.