Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд талууд Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн замын зураглалыг шинэчлэн байгуулж байгаа. Энэ нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж талууд үзэж байгаа юм. Энэ хүрээнд Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсноо мэдэгдлээ.
Ингэснээр хоёр улс хоорондын бизнесийн харилцаа өргөжиж иргэд харилцан зорчих, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн АНУ-аас Бойнг 787 онгоц авахаар тохирлоо. Тус онгоц нь 2018 онд үйлдвэрлэгдсэн, хамгийн сүүлийн үеийн загвар ажээ.
АНУ-д анхны айлчлалаа хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс АНУ-тай сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлах, цахим эдийн засаг, өндөр технологийн салбар дахь боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, англи хэлний багш бэлтгэх, харилцан солилцох тоог нэмэгдүүлэх, ногоон хөгжил, онц чухал эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх” хүсэлтэй байгаагаа онцоллоо. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан ардчиллыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд нягт хамтран ажиллах сонирхолтой байна” гэлээ.