ТОЙМ: Зөрчлийн хэргээр шалгагдаж буй бөхчүүд хэн бэ?
Улсын болон аймгуудын баяр наадмын үеэр зөрчил гаргасан нэр бүхий 4-5 бөхийг шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-аас мэдээлсэн. Тэгвэл эдгээр бөхчүүд хэн гэдэг талаарх мэдээллийг багцлан хүргэе.
Үндэсний бөхийн барилдааны наймын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, шинэ гарди Ц.Бямба-Отгон нар барилдаж, Н.Батсуурь өвдөг шороодсон. Тэрбээр өвдөг шороодон унасныхаа дараа салаавч гаргасан байж болзошгүй үйлдлээр ХУД-ийн цагдаагийн хэлтэст дуудагджээ.
Мөн дөрвийн даваанд улсын арслан Ц.Содномдорж нь цэргийн арслан Г.Жамбалдоржийн хүзүүг тохиолдож, биед нь халдсан гэх асуудлаар, гурвын даваанд аймгийн арслан П.Эрхэмжаргал нь улсын харцага Л.Лха-Очирт унасан. Улмаар тахимаа өгөх үеэрээ харцага Л.Лха-Очирийг түлхэж, биед нь халдсан асуудлаар шалгагдаж байгаа аж.
Мөн Төв аймгийн 100 жилийн наадмын бөхийн барилдаанаар улсын заан Б.Батмөнх нь өвдөг шороодсоныхоо дараа газар цохин боссон нь олон нийтийг үл хүндэтгэсэн гэх асуудлаар шалгуулж байгаа бол Өвөрхангай аймгийн начин М.Балжиннямыг 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.
Учир нь Үндэсний бөхийн барилдааны зургаагийн даваанд аймгийн начин М.Балжинням нь сумын заан Г.Мөнх-Ёндонтой барилдсан. Барилдааны дараа тэрбээр сумын заан Г.Мөнх-Ёндонг өшиглөж, тахимаа авахдаа гараараа нидэрч биед нь халдсан байдаг. Тиймээс МҮБХ-ноос түүний барилдах эрхийг гурван жилээр хасах шийдвэрийг гаргаад байгаа юм.