Аав, охин хоёр нууранд автомашинтайгаа живж амиа алдлаа
Увс аймгийн Цоохорын-Адаг нууранд 33 настай эрэгтэй таван настай охины хамт живж амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэн согтуу байсан юм байна.
Тодруулбал, Увс аймгийн Ховд сумын Ачит нуур багийн Олон нуурын холбоо цоохор гэдэг газраас Улаангом сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н нь бага насны хүүхдийнхээ хамт сураггүй болсон тул ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар Цоохорын-Адаг нуурын усанд автомашинтайгаа живсэн байж болзошгүй тухай дуудлагыг өчигдөр /2023.08.03/ 10:36 цагт Онцгой байдлын газарт өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ховд сумын мэргэжлийн ангийнхан очиж, иргэн Н /33 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/, Э/5 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Мөн өдрийн 20:23 цагт иргэн Н-ийн цогцсыг Цоохорын-Адаг нуурын эргээс 4 метрийн гүн /эргээс 14 метр/-ээс, 21:50 цагт Э-ийн цогцсыг нуурын 6 метрийн гүн /эргээс 15 метр/-ээс автомашины бүхээг дотроос тус тус олж, гарган Ховд сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлжээ.