АНУ-аас зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгөхөөр болжээ
Үлэг гүрвэлээс үлдсэн араг яс, өндөг зэрэг олдвор дэлхийн улс орнуудаас олддог ч Монголын газар нутгаас энэ дундаас хамгийн өвөрмөц бас ховор олдвор нь илэрсээр байна. Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу Монголын газар нутгаас олдсон үлэг гүрвэлийн олдвор нь Монгол Улсын соёлын өвд тооцогддог бөгөөд төрийн өмч юм.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхлэн амжилттай үргэлжилж байна.
ЭСЯ-ны зүгээс АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, Хил хамгаалах албаны байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд АНУ-д хураагдаад байсан үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ажлын хүрээнд “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд Элчин сайд Ө.Батбаяр энэ оны тавдугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Үлэг гүрвэлийн олдворыг хүлээлгэж өгөх нь Монгол Улс, АНУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд чухал үйл явдал бөгөөд хоёр улсын соёлын салбарын харилцаа сайн байгааг нотлон харуулах төдийгүй эдгээр олдворыг дахин хууль бусаар малтаж, борлуулахаас сэргийлэх ач холбогдолтой үйл явдал юм.