АН: Үерийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье
Ардчилсан намаас нийслэлд үүсээд байгаа үерийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2023.8.6/ мэдээлэл хийлээ.
АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж:
-Ардчилсан намын зүгээс 2023 он гарсаар аадар бороотойн улмаас иргэдэд учирсан хохирлын талаар гурав дахь удаагийн мэдэгдлийг хийж байна. Өчигдрийн 19:00 цагийн үед эхэлсэн үер нийслэлийн гурван дүүргийг хамарч, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай мэдээг бид хүлээж авлаа. Өчигдрийн үерээр нийт дөрвөн хүн нас барсны хоёр нь хүүхэд байсан. Тэдний нэг нь 10 сартай, нэг нь 14 настай хүүхэд байлаа. Долдугаар сарын 5-нд энэ оны анхны хүчтэй үер болсон. Үүнээс хойш нэг сар болчхоод байна. Эрдэнэт хүний амь наснаас илүү албан тушаалыг тэргүүнд тавьж байгаа нөхдөөс бид хариуцлага нэхэх болно. Нэг сарын хугацаанд хамгаалалт хийж нэг ч иргэний амийг алдахгүй байх боломж бүрэн байсан. Ардчилсан намаас гаргасан эмгэнэлийг танилцуулъя.
Улсын хэмжээнд нүүрлээд буй үерийн улмаас иргэдийн амь нас, хохирч, түүний дотор бага насны хүүхэд амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиосонд АН, гишүүд, дэмжигчид, гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж байна. Хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул хот хөдөөгийн иргэд, аж ахуйн нэгжүүд иргэд та бүхэн дор бүрнээ сонор сэрэмжээ дээшлүүлж, өөр хоорондоо уялдаа холбоогоо сайжруулан ажиллах шаардлага үүсээд байна. Ингэж бид өөрсдийн эд хөрөнгө, эрүүл мэндээ аварч, учирч болох гэнэтийн эрсдэлээс сэргийлж чадна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн бүр амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” хэмээн заасан байдаг. Эрдэнэт хүний амь насыг хамгаалуулах дээрх заалтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахад Монгол Улсын Засгийн газар, НЗАА, НОБГ-тай АН хамтран ажиллах болно.
Үерийн улмаас амиа алдсан дөрвөн иргэний ар гэрийнхэнд АН-ын дэмжигчдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. АН-ынхан энэ үед бусдадаа дэм болохоор дор бүрнээ хичээн ажиллаж байгаа.
Мөн үерт өртсөн иргэдэд сайн дураараа хандив өгөхийг уриаллаа.