Хохирогч нас барсан бол гэр бүлийнхний сэтгэл зүйн хохиролд 80 гаруй сая төгрөгийг нөхөн олгоно
Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны долдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталжээ.
Нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим, аргачлалыг дээрх тогтоолын гурав дахь хэсэгт заасан байна. Хохирогчийн нөхөн төлбөрийг тооцох аргачлалын 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100 хувь” байна хэмээн тусгажээ.
Тухайлбал, хохирогч нас барсан бол гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй эсвэл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.
Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байна. Үүнийг 150 дахин нэмэгдүүлэхээр 82.5 сая төгрөгийн нөхөн төлбөрийг хохирогчийн ар гэрийнхний сэтгэл санааны хохиролд олгох юм байна.