|

JCI Монгол байгууллага үерт өртсөн хүүхдүүдэд 200 хичээлийн хэрэгсэл, 250 орчим шинэ хувцас хандилалаа

Үерийн гамшиг болсон Баянзүрх дүүрэгт иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, хүнд нөхцөл байдал үүсээд байна. Иймд 21 дүгээр хорооны нутаг  127 дугаар сургуулийг түр байр болгож хоол хүнс, халуун цай, цэвэр ус, хөнжил гудас, хувцас зэрэг шаардлагатай бүх зүйлийг бэлдээд байгаа юм. Энд үерт хохирсон  иргэдэд тусалж  байна.

Гамшигт нэрвэгдсэн иргэдэд  аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд болон иргэд  тусламжийн гараа сунгаж хандивын аян өрнүүлж эхэлжээ. Тэдний нэг нь JCI Монгол байгууллага. Олон улсын залуучуудын төлөөлөл болсон энэ байгууллагын хамт олон богино хугацаанд 30 сая гаруй төгрөг, хүнс, бараа бүтээгдэхүүний хандив цуглуулсныг өнөөдөр хүлээлгэн өглөө.

JCI Монгол  ТББ-ын 2023 оны үндэсний ерөнхийлөгч С.МӨНХДЭЛГЭР: JCI Монгол байгууллага нь 18-40 насны бизнес эрхлэгч залуусын байгууллага. 1300 гишүүн 17 салбартай. Нийт 1000 гаруй гишүүн тусламжийн аянд оролцож салбаруудад уриалга гаргалаа.

Бид 30 орчим сая төгрөгийн бэлэн мөнгө, ус, хүнс болон бараа бүтээгдэхүүнийг цуглуулж чадлаа. Нэн түрүүнд хэрэгцээтэй  цэвэр ус, хүнс, эмийн бүтээгдэхүүн болон хичээлийн хэрэгсэл,  айлуудад сандал, ширээ, аяны хөнжил, мишок зэргийг бэлдсэн.

Байгалийн гамшиг хэлж ирдэггүй. Тиймдээ  ч JCI Монгол байгууллагын гишүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хандив гардуулж өгч байгаад маш баяртай байна. Иргэдэд үер усны аюулаас болгоомжлоорой. Мөн Нийслэлийн онцгой комиссын хамт  олон амжилт хүсье гэлээ.

ТАВАН УЛСЫН ГИШҮҮН 10 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЖЭЭ

JCI Монгол  ТББ нь дэлхийн 115 улсад үйл ажиллагаа явуулдаг байна. Олон орны бизнес эрхлэгч залуус нэгдсэнээрээ ялгардаг энэхүү байгууллагад гишүүн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид  хандив өргөжээ.

Тухайлбал, хүнсний манлай үйлдвэрлэгч АПУ  ХХК цэвэр ус, Emart сүлжээ дэлгүүр хүнсний бүтээгдэхүүн зэргийг хандивласан байна.

Мөн гишүүн орнууд болох Хонгконг, Вьетнам, Сингапур, Франц зэрэг 5 улсаас  нийт 10 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлсэн аж.

Тэдний төлөөлөл Хонгконг улсаас “Бид бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголд болсон үерийн мэдээг үзэж санаа зовсон. Хонгконг улс  JCI байгууллагын гишүүн орон байдагт баяртай байна. JCI бол маш идэвхтэй, хүсэл эрмэлзэлтэй залуусын байгууллага. Тиймээс ч энэ цаг үед богино хугацаанд нэгдэж тусламж дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна” гэсэн юм.

Үерт автсан айлуудын хүүхдүүд өмссөн хувцастайгаа л үлдсэн

Дээрх хандивыг Баянзүрх дүүргийн Улаанзагалмайн хороонд хүлээлгэн өгсөн билээ. Тус хорооны аргазүйч А.Соёлоо хэлэхдээ “Байгалийн гамшиг ямар аймшигтай болохыг бүгд л харж байгаа байх. Ялангуяа Баянзүрх дүүргийн 20, 21, 29, 27 дугаар хорооны маш олон өрх нэрвэгдсэн.

Бидэнд иргэд, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага хандаж сэтгэлийн тус дэм өгсөөр байна. Үүний нэг нь JCI Монгол олон улсын байгууллага маш хэрэгцээтэй хандив гардуулж өглөө.

Өмнө нь биднээс хэрэгцээтэй зүйлсийг асууж байсан. Гэтэл хоёр хоногийн дараа л тусламж өглөө. Ялангуяа есдүгээр сар дөхөж байна, үерт автсан айлуудын хүүхдүүд өмссөн хувцастайгаа л үлдсэн. Ийм үед хичээлийн хэрэгсэл хандивлаж байгаа нь олон хүүхдийг баярлуулах байх” гэлээ.

JCI Монгол  ТББ нь 200 хүүхдийн хичээлийн хэрэгсэл, 250 орчим шинэ хувцас, 50 ширхэг аяны дулаан хөнжил мишок, гэдэсний эм болон хүүхдүүдэд зориулсан витамин, цэвэр ус, хөнжил гудас зэргийг ийнхүү хоёр хоногт цуглуулж тусламж үзүүлсэн нь энэ юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments