ХӨСҮТ: Гэдэсний халдварт өвчний тасагт 73 хүн хэвтэн эмчлүүлж байна
ХӨСҮТ-д одоогоор нийт 250 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 73 нь Гэдэсний халдварт өвчний тасагт эмчлүүлж байгаа юм. Жил бүрийн 4-8 дугаар сард гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгддэг. Үүний нэгэн шалтгаан нь үер гэнэ. Энэ талаар ХӨСҮТ-ийн халдвар судлаач их эмч Т.Алтан-Ембүүгээс тодрууллаа.
-Жил бүрийн дөрөвдүгээр сараас наймдугаар сард гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгддэг гэсэн. Үүний нэг шалтгаан нь үер байж болох уу?
-Гэдэсний халдварт өвчин нь дөрөвдүгээр сараас эхлээд наймдугаар сард оргил үедээ хүрч буцаад буурдаг. Уг өвчин хоёр замаар дамжин халдварладаг. Нэгдүгээрт бохирлогдсон хоол хүнс, гэдэсний халдварт нянгаар бохирлогдсон эд зүйлс, хоол хүнсний материалаар дамжин халдварладаг. Дулааны улиралд хоол түргэн муудах хандлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор гэдэсний халдвар нэмэгддэг. Мөн үерийн дараа хөрс, ус, орчин гээд ихэнх зүйлс нянгаар бохирлогддог тул гэдэсний халдварт өвчин дамжих эрсдэл бий болдог.
-Гэдэсний халдварт өвчнөөр ихэвчлэн хэдэн насныхан өвчилж байна вэ?
-Нийт гэдэсний халдварт өвчний 89 хувийг 0–9 насныхан эзэлж байгаа. Шалтгаан нь хүүхэд юмсыг гараар барьж, амаараа мэдэрч байдагтай холбоотой.
-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Гараа угаах дадал хэвшлийг ягштал биелүүлэх хэрэгтэй. Хүүхдээ гаднаас орж ирэнгүүт нь гарыг нь хөөсөртөл савандаж угаалгаж, гадаа өмссөн гутал, хувцсыг нь солиулах зэргээр дамжих замыг нь таслан зогсоох эрэгтэй. Мөн хоол хүнсний аюулгүй байдлын зарчмаа сайн баримтлах хэрэгтэй.