Гар утас, компьютер хэтрүүлэн ашигласнаар залуус менингитээр өвчилж байна
Гар утас, компьютер буюу технологийн хэтрүүлсэн хэрэглээнээс үүдэн залуус менингитээр өвчлөх тохиолдол нэмэгдэх болжээ.
Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвд сүүлийн гурван жилд менингитээр оношлогдсон 200 орчим иргэн үйлчлүүлжээ. Тэдний ихэнх нь 29-өөс доош насныхан байжээ.Технологийн хэтэрсэн хэрэглээ нь дархлааны системд, мэдрэлд нөлөөлж менингитээр өвчлөх шалтгаан болдог байна.
Чих, хамрын идээт үрэвсэл эсвэл өөр ямар нэгэн үрэвслээс үүдэн тархинд бүрхүүл үрэвсэл үүсч мэдрэлийн тогтолцоонд нөлөөлснөөр менингит үүсдэг байна. Амь насанд аюултай өвчин тул цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатайг УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Л.Энхсайхан анхаарууллаа.
Тархи нугасны бүрхэвч хальсыг менинг гэх бөгөөд уг хальс үрэвсэх эмгэгийг менингит гэж нэрлэдэг. Уг өвчин нь дараах шалтгааны улмаас үүсдэг.
- Бактери
- Вирус
- Мөөгөнцрийн шалтгаан
Энэ дундаа вирусийн менингит нь илүү түгээмэл бөгөөд бактерийн менингиттэй харьцуулахад хүндрэл багатай. Бактериар үүсэх хэлбэр нь ховор тохиолдох ч амь насанд аюул учруулахуйц ноцтой юм. Эдгээр нь аль ч насны хүнд илэрч болох ч бактерийн менингит нь бага насны хүүхэд, 15-25 насны залуу хүмүүст элбэг тохиолдоно. Харин насанд хүрсэн залуу хүмүүс вирусийн менингитээр өвчлөх нь элбэг байдаг. Дээр дурдсан гар утас, компьютер хэтрүүлэн ашигласнаас үүсч буй менингит нь ихэвчлэн вирусийн гаралтай өвчлөл байгаа ажээ.
Тиймээс дэлгэцийн хэрэглээгээ хязгааралж, хэрэв толгой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандаж тусламж үйлчилгээ авахыг эмч сануулж байлаа. Тус өвчин нь хүндэрвэл амь насанд хүрэх эрсдэлтэй юм.