|

Үерийн даатгал хийлгэсэн жолооч нарт эхний удаад нэг сая төгрөг олгохоор боллоо

Өнгөрсөн бямба гарагт Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороог хамарсан үерийн үед 100 гаруй автомашин үерт урссан. Эдгээрээс тээврийн хэрэгслийн даатгалын үер усны эрсдэлийг сонгон даатгуулсан эзэмшигчийн хохирлын үнэлгээг даатгалын компаниуд хийж байгаа бөгөөд одоогоор хохирлын хэмжээ нэгдсэн байдлаар гараагүй байгаа юм.

Энэ талаар Монголын даатгалын холбооноос тодруулахад “Даатгалын компаниуд тэврийн хэрэгслийн даатгалын үерийн эрсдэлийг сонгон даатгуулсан жолооч нарт эхний удаад нэг сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоор болсон. Хохирлын үнэлгээ гарсны дараа нөхөн төлбөрийг үргэлжлүүлэн олгоно. Гэхдээ энэ бүхэн зөвхөн үерийн эрсдэлийг сонгон даатгуулсан эзэмшигчид хамааралтай” гэлээ.

Тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан жолооч нь хохирлоо нэхэмжлэхэд шаардагдах бичиг баримтыг цуглуулахаас эхлээд мөнгө хэрэг болдог тул эдгээр жолооч нарт зориулаад эхний ээлжид нэг сая төгрөгийг урьдчилан олгохоор шийдвэрлэсэн нь энэ аж. Харин хохирлын хэмжээг үнэлж дууссаны дараа нөхөн төлбөрийг шуурхай олгох юм байна.

Тээврийн хэрэгслийн даатгал нь олон төрөл байдаг. Тухайлбал, осол гэмтэл, хулгайд алдагдах, галд шатах, үер, ус чийгт автах зэрэг олон төрөл байдаг. Үүнээс үерийн эрсдэлийн даатгал хийлгэсэн жолоочид дээрх нөхөл төлбөр хамааралтай гэдгийг анхаарах шаардлагатай.

 Харин үүнд жолоочийн хариуцлагын албан журмын даатгал болон өөр бусад төрлийн даатгал хамаарахгүй. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь жолооч бусдын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан тохиолдолд үйлчилдэг билээ.

  • Тээврийн хэрэгслийн үерийн эрсдэлийн даатгалд автомашинаа хамруулсан жолооч нь нэн түрүүнд даатгалын компанидаа утсаар мэдэгдэх, зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Дараа нь нөхөн төлбөрийн баримтыг бүрдүүлж нөхөн төлбөр авах боломжтой. Учир нь, байгалийн эрсдэл, үер, усны эрсдэлд даатгагдсан эсэхээс хамаарч гэрээнд заасны дагуу тодорхой хувийг олгох боломжтой юм.
  • Автоашиныг банк болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан авсан бол зээл авах үед даатгал хийгдсэн байдаг. Харин даатгалын гэрээ үерийн усанд устсан бол тухайн байгууллагатайгаа холбогдож даатгалтай эсэхээ тодруулж, гэрээгээ дахин авах боломжтой.

Одоогоор үерээс шалтгаалан хэчнээн даатгуулагчид хэдэн төгрөгийн хохирол учирсан, даатгалын компаниуд хэдэн төгрөгийг нөхөн төлбөрөөр олгох эсэх нь нэгтгэгдэж гараагүй байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *