БЗД-ийн Татварын хэлтсийнхэн бөөнөөрөө цуглаж зураг авалтад орсноос халдвар тархжээ
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийнхэн өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 2-ны өдөр зураг авалт хийлгэхээр бөөнөөрөө цуглажээ. Үүний дараа тэнд байсан ажилтнуудаас 2 хүнээс ковид-19 халдвар батлагдсан байна.
Өнөөдөр /2021.04.08/ тус Татварын хэлтэст очиход ихэнх байцаагчид ажилдаа ирээгүй байв. Өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжсэнтэй холбоотойгоор тус байгууллагын ажилчдын 30 хувь нь ажиллаж байсан бол халдвар тархсантай холбоотойгоор нэг цэгийн үйлчилгээнээс бусад байцаагчид ажилдаа ирээгүй байв.
Тодруулбал заримыг нь огт ажилдаа ирэхгүй байх жагсаалтад оруулсан бол заримыг нь шинжилгээгээ өгсний дараа ажлын байрандаа ирж болно гэжээ. Тиймээс үйлчилгээ авахаар ирсэн иргэдийг байцаагчдын өрөө рүү нэвтрүүлэхгүй, албан бичиг, хүсэлтийг үүднийх нь жижүүр авч байлаа.
Эх сурвалжаас авсан мэдээллээр өнгөрөгч баасан гарагт дүрэмт хувцастай зураг авалт хийхээр ажилтнуудаа бөөнөөр нь нэг дор цуглуулжээ. Ингээд даваа гарагаас эхлэн Баянзүрх дүүргийн Тамгын газарт ажилладаг төрийн алба хаагчдаас халдвар илэрч эхэлсэн бөгөөд Татварын хэлтсийнхний уулзалтаас үүдэлтэй байж болзошгүй аж.
Улс даяараа халдвартай тэмцэж байгаа энэ үед нэг дор таваас олон хүн цуглуулахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж, УОК-оос анхааруулж байхад Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга С.Туяасайхан ийнхүү халдвар хамгааллын дэглэм зөрчиж, эрсдэл үүсгэжээ.