Үерт өртөж, орон гэргүй болсон 20 айлын гэрийг Богдын даваа Тоосгоны задгайд барьж байна
Үерийн гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс иж бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөр болсон.
Цаашид үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс үерт өртөх эрсдэлтэй байршилд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Богдын даваа Тоосгоны задгай” орчимд таван га газар бэлджээ.
Богдын даваа Тоосгоны задгайд үерт өртсөн айлуудыг нүүлгэх бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч, хурандаа Б.Эрдэнэпил мэдээлэл өглөө.
Тэрбээр “Үерт өртөж, орон гэргүй болсон эхний ээлжийн 20 айлын газрын зураг, кадастрыг Баянзүрх дүүргийн Газрын албанаас хийсэн. Нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар болон дүйцүүлэхийн албан хаагчид буурийг засаж, гэрүүдийг барьж байна.Өнөөдөр нийт 20 гэр барина. Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ худаг байгуулахаар болсон.Харин Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК цахилгааны трассаа гаргаж, цэгүүдээ тодорхойлоод байна. Зам засах ажил дуусаж, машин явах боломжийг бүрдүүлсэн” гэв.