Ц.Даваасүрэн: Хэн нэгэн шантаажлаад Хархоринд газар авч Улаанбаатар шиг хот барих гээгүй
Шинэ Хархорин хотын бүтээн байгуулалтын талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө.Хотын төлөвлөлтийг хийх асуудлаар Астана, Дубай хотуудыг барьж байгуулахад оролцсон, Хятадын томоохон гүүр, барилгын байгууламжийн архитекторчдыг урьж, уулзалт хийжээ.
Тэрбээр “Хархорин хот Улаанбаатар шиг төлөвлөлтгүй хот болохгүй. Хархорин хотыг байгуулах газраа сонгосон. Газрын геодезийн судалгааг хийж усны нөөц болон хот байгуулах хөрс шороотой эсэхийг тогтооно. Судалгааны ажлын дараа аль хэсэгт орон сууцны хороолол байх вэ гэдэг орон зайн төлөвлөлтийг хийх юм. Үүнд нэлээд хугацаа шаардана. Ингэсний дараа хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ.Тэр үед хөрөнгө оруулалтыг агентлаг, яамдаар дамжуулан хийнэ. Гаднын компанийг том, жижиг гэж буруутгахгүй. Хэн нэгэн шантаажлаад Хархоринд газар авч, байшин бариад Улаанбаатар шиг хот босгох зүйл байхгүй. Олон улсын стандартын дагуу Хархорин хот байгуулагдана” гэлээ.