Монголын төмөр замчид 85 жилийн ойн “Мэргэжлийн баяр”-аа өргөн дэлгэр тэмдэглэлээ

Цар тахлаас шалтгаалан сүүлийн хэдэн жил Монголын төмөр замчид “Мэргэжлийн баяр”-аа тэмдэглэж чадаагүй билээ. Харин хэдхэн хоногийн өмнө УБТЗ болон бусад хувь, хувьсгалын төмөр замын байгууллагынхан Хонхорт “Мэргэжлийн баяр”-аа ёстой нэг өргөн дэлгэр, нижгэр сайхан тэмдэглэж өнгөрүүллээ.

Баярын өмнөх орой “Харанга”, Хурд, МУГЖ дуучин С.Наран, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Ука, Серёжа, Наагий, Quiza зэрэг олны танил эрхэмүүд төмөр замчидтай хамт дуулж бүжин нэгэн үдшийг хамт өнгөрүүлэв.

Манай улсын төмөр замын салбарын хөгжил эрчимжиж, шинэ төмөр замууд байгуулагдан, төмөр замчдын эгнээ улам өргөжин тэлж байгаа нь “Мэргэжлийн баяр”-т оролцогчид, хүрэлцэн ирэх зочдын тооноос харагдана.

Наадмын нээлтийн үеэр УБТЗ-ын дарга Х.Хэрлэн “2023 онд бидний хувьд шинэ сэргэлтийн жил болж байна. Энэ жил бид тээврийн хэмжээгээ нэмэгдүүлж, манай төмөр замчид өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлэн оны эхний зургаан сарын байдлаар 15.9 сая гаруй тонн ачаа тээсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар өссөн дүнтэй гарлаа. Энэхүү амжилт нь 2021 онд тогтоосон ачаа тээврийн түүхэн дээд амжилтаа оны эцэст ахиулж, шинэ дээд амжилт тогтоох боломж бийг бидэнд харуулж байна” хэмээн ярив.

Улс орны хөгжилд төмөр замын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж буй өнөө цагт “УБТЗ”-ын хамт олон төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж, Монгол Улсын нийгэм эдийн засагт урьдын адил чухал үүрэг гүйцэтгэх нь түүний энэ үгнээс ойлгогдоно.

Жил бүрийн төмөр замчдын “Мэргэжлийн баяр” ёслол төгөлдөр болдог уламжлалтай. Харин энэ жилийнх урд жилүүдийнхээс илүү зохион байгуулалт, эмх цэгц сайтай, үзэж харах юм ихтэй болж өнгөрлөө. Баярт хүрэлцэн ирсэн зочдын ярих нь ээ, Баяр зохион байгуулах комиссынхон 10 хоногийн өмнөөс л цэвэрлэгээ, зүлэгжүүлэлт, усалгаа зэргийг эхлүүлдэг аж. Мөн энэ хооронд баярын асар майхны хуваарь, газар зохион байгуулалтын зураглал, бүдүүвчийг гаргана. Олон хүн цугладаг учраас наадмын талбайн ойр орчны бохир усыг зайлуулж, ариутгал халдваргүйтгэл хийхээс гадна хог хаягдлыг татан зайлуулжээ.

Ариун цэврийн байгууламжийг ч тун сайн шийдсэн байв. Иж бүрэн тоноглосон боловсон ариун цэврийн байгууламж, био 00, хогийн цэгийг хангалттай сайн байрлуулж. Хариуцсан албад нь баярын талбайд цэвэр цэмцгэр байхад хяналт тавих зэргээр ажилладаг гэх.

Мөн замын хотгор хонхорыг дүүргэж засахаас гадна орох, гарах гарцын тэмдэглэгээ байршуулсан зэрэг нь төмөр замчдын “Мэргэжлийн баяр”-ын зохион байгуулалтын тун чамбайг илтгэв.

Түүнчлэн, баярын өмнөх оройн урлагийн тоглолтын дараах хог хаягдлыг ажилчид үүрийн 05.00 цагаас эхлэн цэвэрлэж, баяр наадмын нээлтэд бэлтгэсэн юм байна.

Ийнхүү хэдэн жил эзгүй байсан Хөлийн голын ногоон дэнж төмөр замчдын дуу хуур, хөлд дарагдаж хоёр өдөр өнжлөө. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд УБТЗ гэх ганцхан төмөр зам байсан бол өнөөдөр төрийн, хувь нийлүүлсэн, хувийн гээд өмчийн олон хэлбэрийн төмөр замтай болж, нэгдсэн сүлжээний урт жилээс жилд нэмэгдсээр байгаа билээ.

Хөлийн голынхоо тохойд ууган төмөр замын хувьд бусад төмөр замуудтайгаа “Мэргэжлийн баяр”-аа тэмдэглэн өнгөрүүлж, энэ багахан хөндий өнөр өтгөн, үе үеийн олон төмөр замчдаар дүүрсэн өнөр өтгөн сайхан баяр болсон нь энэ жилийн өнгийг илтгэх шиг.

Эндээс харахад, манай төмөр замын салбар үйлдвэрийн багахан төмөр замаас бүс нутаг, тив дэлхийн худалдаа, тээврийн сүлжээг холбосон томоохон коридор болтлоо хөгжиж, “Мэргэжлийн баяр” нь ч мэргэжлийн өндөр зохион байгуулалттай болсон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *