|

ЭМЯ: Үерийн дараа нэн түрүүнд бие засах газрыг халдваргүйжүүлэх хэрэгтэй

Үерийн дараа хөрс бохирдож, улмаар хөрсний усаар дамжин халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсдэг. Ялангуяа нийслэлд болсон үерт гэр хорооллын айл өрх өртсөн нь хог хаягдал, бие засах газрын бохироор хөрс бохирдох нөхцөлийг бий болгосон бөгөөд үерийн гамшгийн хор хохирлыг арилгахаар ажиллаж буй энэ үед ариутгал, цэвэрлэгээний ажилд оролцож байгаа хүмүүс онцгойлон юуг анхаарах талаар ЭМЯ-ны Салбарын хяналтын газрын мэргэжилтэн, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Золбоогоос тодрууллаа.

Хэдхэн хоногийн өмнө нийслэлд орсон борооны улмаас үер болж гэр хорооллын айл өрх, албан байгууллагад чамгүй их хохирол учирсан. Үерийн гамшгийн хохирлыг арилгах, ариутгал цэвэрлэгээний ажил ид өрнөж буй энэ үед эхний ээлжинд юуг онцгойлон анхаарах ёстой вэ?

Энэ зуны хувьд нэлээд ойрхон давтамжтай болж буй үерийн гамшиг халдварт өвчин гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд эхний ээлжинд үер болж өнгөрсөн хашаа хороо болон бусад газрын хог хаягдлыг сайтар цэвэрлээд, нэгдсэн хог хаягдал цуглуулах цэг дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Дараа нь төвлөрүүлсэн хог хаягдлыг тусгай зөвшөөрөл бүхий тээврийн компани ачиж, зориулалтын хог хаягдлын цэгт хаях ёстой.

Үерийн гамшиг халдварт өвчин гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг учраас иргэд халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

Хашаа хороогоо цэвэрлэх, сэргээн босголтын ажилд оролцож буй иргэд халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд зайлшгүй хамгаалалтын хувцас хэрэгсэл, бээлий, маск зэргийг өмсөх ёстой. Мөн хамгийн гол анхаарах нэг асуудал нь ундны ус. Найдвартай эх үүсвэрээс буюу Ус сувгийн удирдах газрын харьяа ундны усны худгаас усаа авч хэрэглэх. Ингэхдээ усыг түүхийгээр уухгүй заавал буцалгаж хэрэглэнэ. Хүнсний болон ус хадгалах саваа зориулалтын ариутгалын бодис, эсвэл соданы уусмалаар халдваргүйжүүлэх шаардлагатай.

Хашаа хороогоо иргэд өөрсдийн хүчээр цэвэрлэж ариутгах үед юуг анхаарах ёстой вэ?

Нэн түрүүнд бие засах газрыг халдваргүйжүүлэх хэрэгтэй. Эхлээд гар доорх бодисууд болох белизнаг 10 литр усанд 600 мл-ийг хийж уусмал үүсгээд, 1мкв тутамд 1,5литр хэмжээгээр нүхэн жорлон болон бохир усны цооногийн нүх зэргийн ойр орчмын хөрсөнд шингээж халдваргүйжүүлнэ. Хэрэв хуурай хэлбэрээр (гипохлорит кальци) байвал 10 литр усанд 125 мл хуурай бодисоо хийгээд уусмал бэлдэж хэрэглэх юм. Мөн улсын бүртгэлд бүртгэгдсэн жавелион бодисыг ашиглаж болно. Жавелионыг 10 литр усанд 4 ширхгийг хийж найруулна.

Идэвхтэй бичил биетэн буюу иргэдийн хэлж заншсанаар “Тамир эмийг бие засах нүхэн жорлонд хийж болно. Халдваргүйжүүлэх бодис байхгүй тохиолдолд үртэс, үнс зэргээс тодорхой хэмжээнд тааруулж хэрэглэх боломжтой.

Эцэст нь иргэн бүр болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалж, гараа бохирдсон үед савантай усаар угааж, бусад халдваргүйжүүлэх бэлдмэлийг хэрэглэж занших нь зүйтэй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *