Миссүүдийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн гэх хэрэгтэй холбогдуулан Индонезийн гоо сайхны компанийг шалгаж байна
“Miss Universe Indonesia-2023” тэмцээний оролцогчид бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа цагдаад гомдол гаргасны дараагаар “Miss Universe Organization” /MUO/ байгууллага тэмцээний зохион байгуулагчид Индонезийн гоо сайхны компани болох “PT Capella Swastika Karya”-тай хамтран ажиллахаа зогсоожээ.
Учир нь тус франчайз компани зураг авалтын үеэр “Miss Universe Indonesia-2023” тэмцээний зургаан оролцогчийн биед сорви целлюлит байгаа эсэхийг шалгах ёстой хэмээн дотуур хувцасаа тайлахыг шаарджээ. Тус өрөөнд нь эрэгтэй, эмэгтэй гэсэн 20 гаруй хүн байжээ.
Энэ үйлдлийн талаар “Miss Universe Organization” /MUO/ байгууллагаас “Индонезийн миссүүдэд тохиолдсон асуудлаас харахад “PT Capella Swastika Karya” компани брэндийн стандарт, ёс зүйг зөрчсөн нь тодорхой байна” гэж мэдэгдэв.
Харин тус компанийн үүсгэн байгууллагч Поппи Капелла бэлгийн хүчирхийллийн үйлдлийг үгүйсгэлээ. Тэрбээр “Ерөнхий захирлынхаа хувьд миссүүдийн биеийн шалгалтын үеэр ямар нэгэн бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм зүйл хэзээ ч болоогүй” хэмээн мэдээллээ.
Жакартагийн цагдаагийн дарга Хэнкги Харяди “Хохирогчдыг хувцсаа тайлах, зохисгүй поз авахыг шаардсан нь тэднийг сэтгэл зүйгээрээ хохирох, цочирдоход хүргэсэн байж болзошгүй. Тиймээс тэдэнд сэтгэл зүйн туслалцаа үзүүлнэ. Одоо бид тус газрын камерыг шалгахаар ажиллаж байна” гэж ярьсан байна.
“Miss Universe Organization”-оос тус тэмцээнд оролцох эмэгтэйчүүдэд өндөр, жингийн ямар нэгэн хэмжүүр тавихгүйгээ мэдэгдэхээс гадна тус бэлгийн хүчирхийллийн асуудлыг дэлгэсэн оролцогчдыг зориг гаргасанд талархлаа илэрхийлэв.
Мөн “Miss Universe Malaysia” тэмцээн дээр “PT Capella Swastika Karya” компанитай хамтран ажиллах байснаа цуцалжээ. “PT Capella Swastika Karya” гоо сайхны компани нь байгуулагдаад 30 жил болж байгаа агаад “Miss Universe Indonesia” тэмцээнтэй гуравдугаар сараас хамтран ажиллаж байгаа аж.
“Miss Universe Indonesia-2023” тэмцээн долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 3-нд болж Фабиенне Николе Гроеневелд хэмээх бүсгүй ялагчаар шалгарсан билээ.
Эх сурвалж: AP