СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас баруун, төвийн аймгуудын нутгаар аянга цахилгаантай аадар бороо орно
Гол, усны нөхцөл байдал, ирэх өдрүүдийн цаг агаарын мэдээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ОБЕГ-аас ЦУОШГ-тай хамтран өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Долоо болон наймдугаар сард аянга цахилгаантай аадар бороо ордог учир долдугаар сарын 23, наймдугаар сарын 5-нд болсон усархаг, аадар борооны үер энэ сард үргэлжлэх нь.Өчигдөр орсон борооны улмаас Туул гол Лүн орчмоор, Сэлэнгэ, Улз голуудын адгаар усны түвшин өмнөх өдрөөсөө 10-20 сантиметрээр нэмэгджээ.Орхон, Туул, Хараа, Онон, Балж, Бэлтэс, Үүр, Хэрлэн, Хархираа, Сэлбэ гол үерийн түвшнийг давсан байна. Эдгээрээс Сэлэнгэ аймгийн Хүдэр гол хамгийн их үертэй байна.Энэ сарын 15, 16-наас эхлээд баруун, төвийн аймгуудын нутгаар үргэлжилсэн, аянга цахилгаантай, аадар бороо орно. Наймдугаар сарын 16-наас ихэнх нутгаар сэрүүснэ” гэв.
Тухайлбал, наймдугаар сарын 15-ны өдөр Завхан, Баянхонгор, Хөвсгөл аймгийн нутгаар, наймдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Архангай, Хөвсгөл, Булган, Өвөрхангайн нутгаар, наймдугаар сарын 16-ны өдөр Төвийн аймгуудын ихэнх нутгаар, Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн хойд хэсгээр, Дундговийн хойд хэсгээр усархаг, аянга цахилгаантай, аадар бороо орно.