Он гарсаар үерийн улмаас 14, усны ослоор 50 иргэн амиа алджээ
Улсын онцгой комиссоос үерийн гамшгийн талаарх мэдээллийг өнөөдөр өглөө.
2023 он гарснаас хойш нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 53 суманд голын усны халианд автсан ес, үерийн усанд автсан 476, гүний болон хөрсний шар усанд автсан дөрвөн тохиолдол онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Ирсэн дуудлага, мэдээллийн дагуу алба хаагчид нийт 202 иргэний амь биеийг авран хамгаалжээ. Харамсалтай нь уруйн үерт өртөж улсын хэмжээнд нийт 14 хүн амь насаа алдсан байна.
Тодруулбал, Улаанбаатарт дөрөв, Өвөрхангай аймагт хоёр, Баянхонгорт дөрөв,
Ховд аймагт хоёр, Төв аймагт хоёр иргэн энджээ.
Өнгөрсөн саруудад болсон үерийн улмаас учирсан хохирлыг нэгтгэвэл 21 аймгийн хэмжээнд айлын 520 гэр, 269 байшин, 197 барилга байгууламж, 66 автомашин өртөж, 4000 гаруй толгой мал хорогдсон байна.
Мөн энэ онд гол усны ослын улмаас харамсалтайгаар 50 хүн амь насаа алдсан байна. Одоогоор Булган аймгийн Бүрэгхангай суманд нэг, нийслэлд нэг эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Иймд гол усны ослоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Улсын онцгой комиссоос анхааруулав.
Ойрын өдрүүдэд мөн усархаг бороо орохыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлж буй.