|

Энхийн цагаан тагтаа болохыг хичээж буй С.Баярцогтын үйлдсэн хэрэг

Муу нэрийг хусаад ч арилахгүй гэж үг бий. Энэ үгийн бодит жишээ болсон улстөрч бол Сангажавын Баярцогт. Цагтаа цалгиж, Ерөнхий сайд болох хэмжээнд яригдаж байсан энэ хүн одоо бол элэг нэгтнүүдийнхээ зэвүүцлийг хүргэсээр байна. Учир нь, тэр албан тушаалаа урвуулан ашиглаж олон гэмт хэрэг үйлдэж, тэр нь гурван шатны шүүхээр ноттлогдож ял сонссон ч шоронд суусан болоод гарч дөнгөсөн арга зальтай нэгэн.

Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шат 2021 онд  хэлэлцээд бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Улмаар мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай нийслэлийн прокурорын байгууллагад ирүүлж, хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Ингээд С.Баярцогт эрх чөлөөтэй болжээ. Уг нь түүний үйлдсэн хэргүүд нь нотлогдож шүүхээс зохих ялыг нь оноосон билээ.

Шүүх хурлыг эргэн сануулбал:

2020 оны долдугаар сард болсон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хассан. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эх үүсвэрээ нуун дарагдуулж мөнгө угаасан хэрэгт гэм буруутайд тооцсон байдаг.

Үүнээс таван сарын дараа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс С.Баярцогтод оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг нь өөрчилсөн байдаг. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс С.Баярцогтод 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгожээ. Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, анхан шатны шүүхээс оноосон 10 жилийн ялыг дөрвөн жил найман сар болгон өөрчилсөн билээ.

Харин 2021 оны тавдугаар сард болсон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Баярцогтод холбогдох ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил найман сар хорих ял болгож өөрчилсөн юм. Мөн С.Баярцогтоос нэг сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. Улмаар дээр өгүүлсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааснаар хэрэг замхрах замдаа орсон гэж олон нийт үздэг.

Хэрэг хуучирдаггүй гэдэг. Тэгвэл С.Баярцогт ямар хэрэг үйлдэж, тэрийг нь гурван шатны шүүх нотолж ял өгсөн бэ?

Нэгдүгээрт, тэр мэдээлэлд ойр байдлаа ашиглаж албан тушаалын хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон.  С.Баярцогт 2009 онд Сангийн сайд байхдаа Рио Тинтотой хэлэлцээ хийх ажлын хэсгийн даргаар ажиллаж байв. Энэ үед тэр чухал мэдээлэл дунд байсан давуу талаа ашиглаж “Айвенхоу майнз” компанийн 150 мянган ширхэг хувьцааг (тухайн үеийн ханшаар хоёр тэрбум 16 сая 700 төгрөг) худалдан авчээ. Түүний энэ үйлдэл албан тушаал эрх мэдлээ ашиглан хувьцаанаас ашиг олсон сонгодог жишээ юм. Гаднын орнуудад энэ төрлийн гэмт хэрэгт дунджаар 10-15 жилийн ял оноодог. Харин манай урд хөршид бол ямар ял өгдөгийг асуухаас ч аймшигтай.

Хоёрдугаарт, эхнэрийнхээ 50 хувийг нь эзэмшдэг компанийг Оюутолгойн ханган нийлүүлэгч болгоод олон тэрбум төгрөгийн орлого олсон.

Гуравдугаарт, мөнгө угаасан хэрэг. Тодруулбал, хувьцаанаас олсон ашгаасаа 1,200,000  ам.долларыг оффшор бүсэд үүсгэн байгуулсан “ND Harmony LDT” компанийн Швейцарийн Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас дотоодын банкны дансаар дамжуулан авч мөнгө угаасан нь тогтоогдсон.

Дөрөвдүгээрт, С.Баярцогт төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа өндөр үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгүүдтэй (таун хаус, орон сууц ) болсон бөгөөд энэ хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй.

Энэ бол шүүхээр нотлогдож, иргэн С.Баярцогт өөрөө үгүйсгэж чадаагүй баримтууд. Үүний цаана илрээгүй хэдэн баримт байгааг бурхан л мэдэх байх. Хүн төрлөхтөн даяаршиж  хэл соёл, сэтгэлгээний олон өөрчлөлт явагдаж байгаа ч нэг зүйл биднээс уяатай хэвээр байгаа. Энэ бол шударга ёс. Мэдээж шударга ёсны тодорхойлолт олон янз байдаг ч хэрэг хийсэн хэн ч зохих ялаа үүрэх ёстой гэдэг үзүүрт энэ бүхэн зангилагддаг билээ.  С.Баярцогт хувь хүний хувьд эрдэм мэдлэгтэй, мундаг хүн байж болно. Тэглээ гээд өөрт нь ард түмнээс итгэл хүлээлгэж өгсөн эрх мэдлийг буруугаар ашиглах эрх байхгүй. Харин тэр энэ эрхийг эдэлсэн, бас үндэслэлгүйгээр баяжсан. Тэгсэн мөртлөө одоо эрх чөлөөтэй бидний дунд алхаж яваа нь бидний хүсээд байгаа шударга ёс биш.

С.Баярцогт Швейцарын прокурорын байгууллага намайг цагаатгасан гэдэг. Тэгээд тэндээс ийм бичиг ирлээ, би буруугүй ээ гээд зогсч байв. Үүнд нь, итгэсэн хүн бараг байхгүй байх. Швейцарын прокурорын байгууллага шүүгдэгчдээ шийдвэрээ явуулж л байдаг, итгэхэд үнэхээр бэрх. Тусгаар тогтносон, бие даасан бүрэн эрхт улсын шүүх хэргийн үнэн мөнийг олоод тогтоосон байхад хаа холын прокурорын байгууллага энэ бүхэн оролцох эрхтэй юу. Монголын гурван шатны шүүх буруу шийдвэр гаргана гэж байхгүй шүү дээ. Харин С.Баярцогт  шүүх эрх мэдлийн дээр гарч ялгүй үлдчихлээ. 

С.Баярцогт Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж ярих дуртай. Уг нь энэ үгийг Монгол орныхоо төлөө амь биеэ хайрлалгүй тэмцэж явсан эрхмүүд л хэлэх эрхтэй гэж түүхчид хэлдэг нь үнэний ортой. Шууд хэлэхэд тэр энэ үгийг хэлэх эрхгүй хүн. Учир нь, олон жилийн өмнө түүний оффшор дансны асуудал сөхөгдөхөд тэрээр дансны мэдээлэлдээ Хятадын Монгол гээд гарын үсэг зурсан байсан нь илэрч олны зэвүүцлийг дээд цэгт нь хүргэж байсан билээ. Хэрвээ Хятадын нэг түшмэл танилцуулгадаа Монголын Хятад гээд биччихсэн байсан бол ямар хатуу шийтгэл авах байсан нь тодорхой. 

Аливаа хувьсгалыг суутнууд санаачилж, ард иргэд хийж, үр ашгийг нь адгийн шаарууд хүртдэг гэдэг. Үүний сонгодог жишээг С.Баярцогтоор төлөөлүүлж болно гэж олон хүн хэлдэг нь үнэний ортой. Тэр ардчиллын ачаар эрх мэдэлтэй болсон, бас хөрөнгөжсөн. Ардчиллын буяныг хангалттай эдэлсэн нэгэн. Хэлэхэд гашуун ч гэсэн тэр ардчиллын хүсээгүй хүүхэд юм. Түүн шиг ийм олон хүний балгаар Монголын ардчиллын нэр хүнд сэвтэж, улс орны маань хөгжилд тушаа болж байгаа билээ.

Гэхдээ хувь заяаны тохиол гэж байдаг. С.Баярцогтын дотор  Ерөнхий сайд болох хүсэл оволзож явсан гэдэг. Түүнээс өөр сонголт харагдахгүй байсан цаг хугацаа ч бий. Даанч тэр өөрийн шуналаа дийлээгүйн улмаас энэ нь мөрөөдөл төдий болж замхарсан. Өөрөө бүхнийг аргалж чадна гэж бодовч алдсан боломжоо бодоод  дотроо бачимдаж явдаг байхыг ч үгүйсгэхгүй. Хувь тавиланг хэн ч өөрчилж чадахгүй нь гаслан юм даа.

Р.РИНЧИН 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Аmar
Аmar
8 months ago

Сонгууль ойртож дээ! Баярцогтоо яриад эхэллээ. Тэр нь олигтой юм биш бүгд мэднэ. МАН ы үй олон хэргүүдийг дурсаад эхлэхээс хамгаалж байгаа юмаа даа. Эрх баригчид барьж аваад хуулиа өөрчилж байгаад буудсан ч чадна.Тэгэхгүй л дээ зүгээр л сонгууль шоу. Элбэгдорж Батүүл гэж бас бий. 24 оны зун болтол ярина. Аягүй бол дуудаж шалгана.Сонгууль дуусаад нийлээд л наргицгаана. Оркуудыг яаж хульхидсан, Монгол яаж ялсаныг яриад л бөөн инээд хөөр болцгооно.