“Улаанбаатар” олон улсын хөгжмийн наадам эхэллээ
“Улаанбаатар” олон улсын хөгжмийн фестиваль өнөөдөр нээлтээ хийлээ. Уг наадмыг анх 2020 онд зохион байгуулж байсан бол энэ удаад олон улсын хэмжээнд зохион байгуулж буйгаараа онцлог юм. Энэ утгаараа хөгжмийн олон сайхан бүтээлийг толилуулах юм байна. Уг хөгжмийн наадам энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд фестивалийн хүрээнд сонирхолтой лекцүүд, мастер класс хичээлүүдийг ч мөн явуулж байгаа юм.
Тодруулбал, Улсын филармонид энэ сарын 19-ний орой цөөхүүл найрал хөгжмийн, 23-нд симфони найрал хөгжмийн тоглолттой.
“Улаанбаатар” олон улсын хөгжмийн II фестивалийн зочин уран бүтээлчид
Тус хөгжмийн наадамд гадаадаас дөрвөн зочин хөгжимчин оролцож байна.
- -АНУ-ын Нью-Йорк хотод байдаг “Глобал мюзик партнёршип” байгууллагын уран сайхны удирдагч, хийлч, Казахстан улсын иргэн Евгений Дио
- -Мөн тус байгууллагын оркестрын концертмейстер, хийлч Анна Чен
- -БНХАУ-аас Шанхай хотын Хөгжмийн дээд сургуулийн оюутан, хийлч Шулуун
- -Бээжин хот дахь Хятадын Консерваторийн оюутан, Хятадын Залуучуудын оркестрын нэгдүгээр виолончель хөгжимчин Дэлхий
Харин гадаадын оркестр, театрт ажилладаг монгол уран бүтээлчдээс дурдвал:
- -ОХУ-ын Эрхүү хотын Филармонийн оркестрын хөгжимчин хийлч Х.Санчир, Г.Тамир,
- -Хойд хөршийн Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, сопрано С.Батчимэг
“Улаанбаатар” олон улсын хөгжмийн II фестивалийн онцлог
- -Бүхий л арга хэмжээнд үзэгчдийг үнэ төлбөргүй оролцуулж, үзүүлж байгаа юм.
- -Үүний зэрэгцээ оролцогч, үзэгч бүр хэрвээ хүсвэл уг фестивалийг хөгжүүлэх санд хандив өргөх боломжтой.
- -Фестивалийн хүрээний цөөхүүл найрал хөгжмийн болон симфони найрал хөгжмийн тоглолтын урилга, түгээж эхэлснээс хойш хоёр цагийн хугацаанд дууссан.
- -Залуу хөгжимчдөд туслах зорилгоор мастер класс хичээлүүдийг хийж эхэлсэн.
- -Монголын хөгжмийг сурталчлах хүрээнд Монголын ахмад хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс тоглож, чанартай бичлэг хийлгэхийг зорьж байгаа. Энэ хүрээнд хөгжмийн бүтээлийн ноотны үрэгдэж алга болсон хэсгийг аудио бичлэгээс сонсож, нөхөх зэрэг ажил хийж байна. Энэ удаа Ардын жүжигчин Ц.Намсрайжавын “Говь гурван сайхан” зохиолыг, маэстро өөрөө удирдан тоглуулсан бичлэгээс нь нөхөн сэргээснээр буюу шинэ редакцаар тоглох юм.
Гол хоёр тоглолтын тухайд
- -19-ний орой болох Цөөхүүл найрал хөгжмийн тоглолт. Концертмейстер нь ОХУ-ын Эрхүү хотын Фиармонийн хөгжимчин, хийлч Г.Тамир юм. Гоцлол хөгжимчид нь Евгений Дио болон Эрхүүгийн Филармонийн гоцлол хөгжимчин хийлч Х.Санчир нар. Тэрбээр өмнө нь Японы Олон улсын Залуучуудын оркестрын концертмейстерээр ажиллаж байсан.
- -Мөн 19-ний тоглолтод Хятадаас ирсэн хийлч Шулуун болон Америкаас ирсэн хийлч Анна Чен нар И.СБахын хоёр хийлд зориулсан концертыг гоцолж тоглоно.
- –23-ны тоглолт. П.И.Чайковскийн хийлийн концертыг хийлч Евгений Дио гоцлон тоглоно.
- -23-ны симфони оркестрын тоглолтод Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Удирдаачдын улсын анхдугаар уралдааны тэргүүн байрын шагналт Ц.Тэлмүүн-Очирыг урьж, удирдуулж байна. Тэрбээр дуурийн гоцлооч С.Батчимэгтэй хамт суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн хоёр бүтээл дээр ажилласнаа хүргэх болно.