Халтиргааны үед ашиглах 100 гаруй машин механизмыг Хятадаас хөнгөлөлттэй үнээр авна
Энэ онд багтааж үер, халтиргаа, гулгааны үед ашиглах 100 гаруй машин, техник, төхөөрөмжөөр парк шинэчлэл хийхээр болжээ.
Техник, тоног төхөөрөмжүүдийн 60 гаруйг нь есдүгээр сард оруулж ирэх бөгөөд БНХАУ-аас урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр авах хэлцэл хийсэн байна. Үлдсэн 40-ийг энэ ондоо багтаан авахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ. Хот тохижилт, зам цэвэрлэгээний компаниудад 187 машин механизм, тоног төхөөрөмж шаардлагатай байгаа аж.
Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа “Улаанбаатар хот БНХАУ-ын Чунчин хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай. Энэ хүрээнд хот тохижилт, үерийн барилга, байгууламжийн зориулалтаар нэн тэргүүнд шаардлагатай 100 гаруй машин механизмыг хөнгөлөлттэй үнээр авахаар болсон” гэв.