Г.Занданшатар: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хугацаанд нь баталсан бол баялгийн хулгай гаарахгүй байсан

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээж байгаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, явц байдлын талаар мэдээлэл сонслоо.

Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан.

Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр тогтоолоор Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай зэрэг багц хуулийн төслийг 2021 онд батлуулах ёстой байсан ч өнөөг хүртэл Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй байна. Энэ хуулийг хугацаанд нь баталсан бол баялгийн хулгай гаарахгүй байх боломжтой байсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг хангах ёстойг Улсын Их Хурлын дарга сануулаад Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийг холбогдох Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан гэлээ.

Тэрбээр, Улсын Их Хурал, Засгийн газрын ажлын хэсгүүд нягт хамтран ажиллаж,

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, тайлагнах,

Ирээдүйн өв сангийн тухай хуульд заасан уг сангийн удирдлагыг хэрэгжүүлэх корпорацыг байгуулаагүйгээс үүдэн гарсан алдагдсан боломжийг тооцож гаргах,

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хэрэгжилтэд гарч буй хүндрэл, түүний шалтгааныг тогтоон наймдугаар сард багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг үүрэг болгов.

Мөн холбогдох хуульч, эдийн засагч, судлаачдаас санал авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхэлмэгц өргөн мэдүүлж, батлуулахыг чиглэл болголоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *