С.Наранцогт: Ирээдүй өв сан, Хуваарилалтын санд тухай жилийн нийт орлогоос хамгийн багадаа 10 хувийг нь төвлөрүүлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, явц байдлын талаар мэдээлэл сонслоо.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт төслийн явцын талаар танилцуулав.

Тэрбээр “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн боловсруулсан. Мөн олон улсын жишиг, энэ төрлийн сангуудын удирдлагын тогтолцоо, засаглалын загваруудыг судалсан. Өмнөх Засгийн газрын үед боловсруулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн концепцийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн тул Засгийн газраас дахин ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна” гэлээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Ирээдүй өв сан, Хөгжлийн болон Хуваарилалтын сантай байхаар боловсруулжээ. Ингэхдээ Ирээдүй өв сан, Хуваарилалтын санд тухай жилийн нийт орлогоос хамгийн багадаа 10 хувийг нь төвлөрүүлнэ.

 Уг сангийн орлогыг валют хэлбэрээр Монголбанканд хадгалах зохицуулалтыг тусгасан. Хөгжлийн сан нь улс орны нийгэм, эдийн засгийг дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүжилт бий болгоно гэсэн зарчмыг тусгажээ. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн бодлого нь төсвийн бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд хөрөнгийн удирдлагын эцсийн шийдвэрийг Улсын Их Хурлаас батлан гаргахаар төсөлд оруулсан байна. Засгийн газрын тухайд жил бүрийн улсын төсвийн төсөлтэй хамт Үндэсний баялгийн сангийн төсвийн зарцуулалтыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм байна.

Үндэсний баялгийн сангийн төсвийн зарцуулалтын гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хуралд танилцуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэх үүргийг Үндэсний баялгийн сангийн зөвлөл гүйцэтгэх бөгөөд уг зөвлөлийг Ерөнхий сайд ахлахаар төсөлд тусгажээ. Мөн Хөгжлийн сангаас хөрөнгө оруулах төслүүдийг эрэмбэлэх, санхүүжилтэд хяналт тавих асуудлыг төсөлд нарийвчлан оруулсан гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *