С.Баярцогтыг АН-ынх  гэж харвал гэнэн байна… 

Саяхан л шүүхээр гэм буруугаа дэнслүүлэхдээ  тулаад  байсан С.Баярцогт гаднаас ирсэн нэг бичгээр өөрийгөө гэмгүй, хилс хэрэгт гүтгэгдсэн хэмээн хохирогчийн дүрд тоглож,  улмаар хэрэг нь цагаатгуулснаа  сүр дуулиантай  зарласан. Удаан хугацааны мөрдөн  шалгалт, шүүхийн шатанд хөдлөшгүй баримтаар нотлогдсон түүний хэрэг ийнхүү замхрах талруугаа орсонд олон хүн эгдүүцдэг. 

Яллахаа хүрвэл хэдэн жилийн дансыг нь ухаж байгаад ч “500 мянган төгрөг илүү идсэн байна” гэж алх цохин ялын тогтоол уншсан  жишээ  өч дөчнөөн байхад их хэмжээний авлига, үндэслэлгүй хөрөнгөжсөн С.Баярцогт нэг л өдөр цагаадсан нь гайхшрал төрүүлнэ. Түүний хэргийг Дээд шүүхээс буцаасан, нөлөөлсөн гэх  хардлагыг ч хэвлэлүүд олонтаа дэвшүүлж байсан.

Энэ  ч  тусдаа том сэдэв. Харин сүүлийн өдрүүдэд С.Баярцогт АН-ын дарга болохоор далдуур тохироогоо хийжээ гэх мэдээлэл цацагдах боллоо.

Угаас АН-ын  дарга хэн байх нь АН хийгээд  тус намын гишүүд дэмжигчдийн гэхээсээ илүү  МАН-ын давхар бодлого болчихоод байгаа энэ цаг үед дээрх мэдээлэл  хэн бүхний чихийг сортойлгох нь мэдээж. 

С.Баярцогт хэргээ цагаатгуулсан гэх мэдэгдлийн дараа түүнийг 40 тэрбумаар нам худалдаж авах  нь гэх мэдээлэл цацагдсан ч тэгэсгээд намжсан. Тухайн үед С.Баярцогтын эхний ээлжинд намынхаа ҮБХ-ны 256 гишүүнээ өөрийн талд оруулах тактик боловсруулж,  нам доторх МҮДН, “Морьтон”, “Нэг ардчилал” бүлэглэлийн гишүүдийг  далдуур лоббидож  яваа  талаар намынхан нь жиг жуг хийж байв. 

Намаа   худалдаж авах эхний санхүүжилтыг гурван үсэгтэй компани гаргаж,  улстөрийн хүрээнд  эрх баригч нам талаас томоохон дэмжлэг, түлхэц өгч байгаа гэлцэх. 

Түүнийг  ялаас мулталж, бүр цаашлаад цагаатгасныхаа шанд АН-ыг атгуулж, бамбай болгох тохироог хийсэн байх магадлал өндөр.  Ингэхдээ  улстөрийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж,   ихээхэн түлхэц өгч, улстөр дэх холын зорилгоо гүйцэлдүүлж байгаа гэх.

АН УИХ-д цөөнх болсон цагаас С.Баярцогт намуудын шинэчлэл, Үндсэн хуулийн өөрчлөлт, эдийн засгийн реформ гэх зэргээр  байр суурь илэрхийлэх нь  эрх баригч намын бодлогыг дэмжиж ирснийг  харуулдаг. Нөгөө  талаас  намын харьяалал харгалзахгүй нөхөрлөх зарчмаар  хэнд ч тал алдахгүй явж ирсэн нь  дээрх  хардлагыг  зарим талаар батална. 

Тэгэхээр С.Баярцогтыг Ардчилсан нам гэж харвал  дэндүү гэнэн  гэдгийг  сануулъя. Тэр бол АН-ыг МАН-д “бэлэглэхээс”  хэтрэхгүй, нөгөө талд хэргээ цайруулсныхаа  хариуг барих төдий улстөрийн нүүдэл гэдгийг учир мэдэх хүмүүс сануулсаар байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *