ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхоныг хилээр гарахыг хоригложээ
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан О.Орхонд урьд авсан нэг тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх санал ирүүлжээ.
Тодруулбал түүнд хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж, Монгол Улсын хилээр гарахыг хориглох шийдвэр гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор О.Орхонд урьд авсан мөнгөн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг ийнхүү өөрчилжээ. Тэрбээр ХХБ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа билээ.