Гачууртаас Шархад хүртэлх авто замын ажил 55 хувьтай байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд авто зам тавих, өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар авто зам тавьж буй байршлуудад ажиллалаа.

Гачууртын авто замаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастай голын 97.3 метр урт төмөр бетон гүүр ашиглалтад орсноор Гачууртын замын ачаалал 50 хувь буурна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн дээрх бүтээн байгуулалтын ажил 55 хувьтай байгаа юм. Гүүрний барилгын ажлын хүрээнд нийт найман дам нуруу байрлуулсан. Авто замын далангийн дүүргэлт, хашлага суулгах ажил үргэлжилж буй.

Гүйцэтгэгч компани 50 гаруй хүн 20 гаруй машин механизм, техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Хучилт наймдугаар сарын 25-нд дуусна. Есдүгээр сарын 25-н гэхэд зорчих хөдөлгөөнийг нээнэ гэдгийг хэлж байлаа.

Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөжээ

Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил 62 хувь, шинэ гүүрний ажил 98 хувьтай, инженерийн шугам сүлжээний ажил 90 хувьтай үргэлжилж байна. Шинэ гүүрийг нээсний дараагаар хуучин гүүрийг хүчитгэж шинэчилнэ.

Тус гүүрийг наймдугаар сарын 15-нд нээхээр төлөвлөсөн боловч бороо орж, Туул голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор хугацаа алдсан гэдгийг хэлж байлаа. Мөн инженерийн шугам сүлжээний сувагчлал шаардлага хангахгүй байсан нь хүндрэл учруулжээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Түгжрэлийг бууруулах хүрээнд хийж байгаа хамгийн том гүүрэн байгууламжийн нэг нь энэ. Хоногт 26 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай 225 метр урт гүүр. Наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч бороо их орж, үер болсон, мөн инженерийн шугам сүлжээний ажилтай холбоотойгоор 20 орчим хоног алдлаа. Есдүгээр сарын 15-нд хөдөлгөөнийг нээнэ гэв.

Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх замын гүүрний ажил 65 хувьтай байна

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх буюу Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх авто замын ажил 30, гүүрний ажил 65 хувьтай байна. Энэ нь 61 метр өргөн буюу зургаан эгнээ, гурван хэсэг бүхий нийт 483 метр урт гүүр юм. Үүнээс 54 метр урт гүүр нь ашиглалтад ороход бэлэн болжээ.

Арванхоёрдугаар сарын 1-нд зорчих хэсгийг нээхээр төлөвлөсөн. Харин замын ажлыг ирэх жил дуусгах юм. 200 орчим хүн ажиллаж байгааг гүйцэтгэгч “Мотор сервис” ХХК-ийн захирал Д.Доржбат хэлж байв.

Хотын дарга замын ажлуудыг хугацаанд нь дуусгах, мөн аюулгүй байдлыг анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнууд хийгээд гүйцэтгэгч компанийнханд анхааруулж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *