Зах, худалдааны төвүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ ямар байна вэ?
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 4 дүгээр сарын 09-ий өдрийн 13 цагийн байдлаар Улаанбаатар хотын 3 дүүрэгт байрлах зах, худалдааны төв, хүнсний болон сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна.
Улаанбаатар хот руу нийлүүлэгдсэн махны нийлүүлэлтийн мэдээллийг авч үзвэл 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 07 цагаас 04 дүгээр сарын 09-ны өдрийн 07 цагийн хооронд, орон нутгаас МЭХЦХЦ-ээр 81.7 тонн мах шалгагдаж нэвтэрснээс 81.7 тонн нь худалдааны зориулалтаар нийлүүлэгдсэн бөгөөд нядалгааны зориулалтаар 85 толгой амьд мал нэвтэрсэн байна.
Хүчит шонхор захын махны нийлүүлэлтийн хувьд 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар нийт 38.9 тонн мах орж ирсэн байна. Улаанбаатар хот руу орон нутгаас нийлүүлэгдсэн махны нийлүүлэлтийн хэмжээ өмнөх өдрүүдээс нэмэгдсэн гэлээ.Хүчит шонхор захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 9500-11000, хонины цул мах 11000-11500, үхрийн ястай мах 12000-13500, үхрийн цул мах 13500-15000, ямааны ястай мах 8500-9500, ямааны цул мах 10000-11500 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нийлүүлэлтийн хувьд 38.9 тонн мах нийлүүлэгдсэн.
Баянгол дүүрэгт байрлах Хороолол, Таван-Эрдэнэ, Бэст зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Дээрх захуудад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 11800-13800, хонины цул мах 14000-14500, үхрийн ястай мах 12500-14000, үхрийн цул мах 14800 төгрөгийн үнэтэй байна.
Мөн Баянзүрх дүүрэгт байрлах Шинэ сансар, Асайт, Баянзүрх-1, Баянзүрх-2 зэрэг худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 11500-13500, хонины цул мах 13000-13500, үхрийн ястай мах 12500-13500, үхрийн цул мах 12800-15000, адууны ястай мах 13000-13500, адууны цул мах 13500-14000 төгрөгийн үнэтэй байна.
Сонгинохайрхан дүүрэгт байрлах 21 шөнийн зах хяналт шалгалтад хамрагдлаа. 21 шөнийн захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9800, хонины цул мах 11800, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 13000 төгрөгийн үнэтэй байна.Хяналт шалгалтад хамрагдсан захад худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 2500-3500, элсэн чихэр 2500, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 3300, Хятад сонгино 1800, өндөг 440 төгрөгийн үнэтэй зарагдаж байна гэж ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧДИЙН ТӨЛӨӨХ ГАЗАР мэдээллээ.