Инфляц өнгөрсөн оны 7-р сард 16.4% байсан бол энэ онд 9.2% болж, өсөлтийн хурд нь саарчээ

ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний долоон сарын статистик үзүүлэлтүүдийг танилцуулсан.  Эдгээрээс онцолж харвал:

Дотоодын нийт бүтээгдэхүүн: Урьдчилсан гүйцэтгэлээр, 2023 оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 6.4 хувиар өслөө. Тус өсөлтөд уул уурхайн, олборлолт 45.2% (+3.9 нэгж хувь), үйлчилгээ 7.4% (+3.5 нэгж хувь) өссөн нь голлох нөлөө үзүүлсэн байна.

 

Гадаад худалдаа: 2023 оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр экспорт 8.7 тэрбум ам.доллар (+34.5%), импорт 5.0 тэрбум ам.доллар (+5.5%) болж, гадаад худалдааны тэнцэл 3.7 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Оны эхнээс чулуун нүүрсний экспорт 34.0 сая тонн (+23.0 сая тонн)-д хүрсэн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.

Төлбөрийн тэнцэл: Урсгал тэнцэл 2023 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 65.4 сая ам.долларын ашигтай (2022 оны эхний хагас жилд 1.4 тэрбум америк долларын алдагдалтай байсан), санхүүгийн данс 296.1 сая ам.долларын ашигтай (-629.7 сая) болж, төлбөрийн тэнцэл 474.9 сая ам.долларын ашигтай (2022 эхний хагас жилд 1.1 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан) гарлаа. Урсгал тэнцэл ашигтай гарахад барааны худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум америк доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Төсөв: 2023 оны эхний 7 сард улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 12.4 их наяд төгрөг (+37.0%/+3.7 их наяд), зарлага ба цэвэр зээлийн дүн 11.1 их наяд төгрөг (+16.7%/+1.6 их наяд) болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарсан. Төсвийн орлого нэмэгдэхэд орлогын албан татвар 1.3 (66.6%) их наяд төгрөг, нийгмийн даатгалын орлого 471.4 (29.5%), НӨАТ 407.7 (19.6%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Мөнгө, зээл: Mөнгөний нийлүүлэлт (M2) 2023 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 32.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.0 (18.4%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 2.0 (39.5%) их наяд төгрөгөөр, валютын харилцах 1.3 (39.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Чанаргүй зээл 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 106.1 (5.0%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Инфляц: 2023 оны 7 дугаар сард инфляци улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өсөж, өмнөх сараас 0.3 хувиар буурсан байна. Үүний 5.2 (53.8%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Өрхийн орлого, зарлага: Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ 2023 оны 2 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17.0 (+1.5%) мянган төгрөгөөр өссөн. Нэг өрхийн сарын дундаж бодит нийт зарлагын хэмжээ 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 115.3 (+9.9%)  мянган төгрөгөөр нэмэгдсэн.

Хөдөлмөр: Ажиллагчид 2023 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 4.6 (0.4%) мянгаар, ажилгүй хүн 27.7 (28.1%) мянган хүнээр буурсан байна. Ажилгүйдлын түвшин 5.8 хувь байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *