Сайд Г.Сайханбаяр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шойгутай уулзжээ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ОХУ-д наймдугаар сарын 14-16-ны өдрүүдэд ажлын айлчлал хийжээ. Тэрбээр тус улсад зохион байгуулагдсан олон улсын аюулгүй байдлын Москвагийн 11 дүгээр бага хуралд оролцсон байна.

Уг хуралд гадаадын 76 орны 800 гаруй төлөөлөгч, 29 улсын Батлан хамгаалахын сайд нар биечлэн оролцжээ.

Энэ талаар БХЯ-наас “Сайд Г.Сайханбаяр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд армийн генерал С.К.Шойгутай хоёр талын уулзалт хэлэлцээр хийж, хоёр орны цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.Сайд нар Монгол Улс, ОХУ-ын цэргийн хамтын ажиллагааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлвийн талаар, тэр дундаа 2024 онд тохиох Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар онцлон ярилцсан” гэв.

Сайд Г.Сайханбаяр Олон Улсын аюулгүй байдлын Москвагийн 11 дүгээр бага хуралд оролцох үеэр, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Ли Шаньфу, БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд армийн генерал Фам Ван Зянг, БНАЛАУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд дэслэгч генерал Тянтхонг Сонтаат нартай тус тус уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын одоогийн харилцаа, хамтын ажиллагаа цаашдын хөгжлийн талаар санал солилцжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *