Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа 9 дүгээр сарын 1-нд эхэлнэ
Үндэсний Статистикийн Хороо нь Статистикийн тухай хуульд заасны дагуу “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г 2023 оны 9 дүгээр сарын 1-ээс 11 дүгээр сарын 10 хүртэл улс, орон даяар зохион байгуулах гэж байна. Судалгааны хүрээнд ҮСХ-оос 8 дугаар сарын 23-29-ний өдрүүдэд гэрээт судлаачдад мэдээлэл цуглуулалтын талаар ерөнхий мэдээлэл, баримтлах зарчим, аюулгүй байдлын талаар сургалт зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн үеэр ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Энэхүү судалгаа нь нэг талаас иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангадсан эсэх, нөгөө талаас амьдрах орчны нөхцөл байдлаа байдлаас шалтгаалж, гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг судална” гэж онцолсон юм.
Мөн ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан “Аль ч төрлийн судалгааны хувьд хамрах хүрээ, мэдээлэл цуглуулалтын чанар хамгийн чухал байдаг. Бид судалгааныхаа мэдээллийн чанар, хамрах хүрээг болон мэдээллийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор багийн ахлагч, мэдээлэл цуглуулагч нарт зориулж энэхүү сургалтыг зохион байгуулж байна” хэмээн тодотгосон.
“Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” нь хүний эрх, түүний дотроос хохирогчийн эрхийн асуудлыг судалж, тухайн улсад хүний эрх хэр түвшинд хамгаалагдаж байгааг илтгэдгээрээ олон улсад өндөр ач холбогдолтойд тооцогддог юм.