СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аяллаар ирсэн Солонгосын хоёр иргэн Хөвсгөл аймагт нууранд живж амиа алджээ
Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын нутаг дэвсгэрт энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр БНСУ-аас аяллын шугамаар ирсэн нэр бүхий 45-55 орчим насны хоёр иргэн нуурын гүн хэсэгт сэлж байхдаа хөл алдаж живсэн байдалтай нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Дээрх хэрэгт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд, олон нийтэд гол ус, нуурын орчим аялж зугаалах, усанд орохдоо болзошгүй эрсдэлийг үргэлж тооцож, сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн болон хамт аялж яваа бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, аюул, осолгүй аялахыг сэрэмжлүүлж байна.