Монгол, Хятадыг холбох төмөр замын суурь бүтцийг “Тавантолгой төмөр зам” компани барина
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгох шийдвэр гаргажээ.Тусгай зөвшөөрөл нь таван жилийн хугацаатай байх юм байна.
Энэ онд Монгол Улсын Засгийн газраас “Чайна энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэтэй уулзалт хийж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хоёр талын хариуцах бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан эхлүүлж, 2024 онд ашиглалтад оруулах зорилт дэвшүүлэхээр харилцан тохиролцсон байдаг.
Хоёр улсыг холбох төмөр замын суурь бүтцийг “Тавантолгой төмөр зам” компани барихаар болж байна.“Тавантолгой төмөр зам” ХХК 2018 онд байгуулагдсан, компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК эзэмшдэг байна. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Н.Удаанжаргал ажиллаж байсан билээ.