Таксины эмэгтэй жолоочийг бүлэглэн хүчиндэж, дээрэмдсэн этгээдүүдийг дайчлан баривчилжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Цамбагарав” үйлчилгээний төвийн хойд замаас таксинд суусан үл таних эрэгтэй хүмүүст хүчиндүүлж, дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл энэ сарын 24-нд бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийг шалгахад иргэн эмэгтэй Г-г автомашинтайгаа явж байхад Х, Т, П нар гар өргөж түүний машинд суужээ. Улмаар түүнийг 1 дүгээр хорооллын арын дэнж дээр аваачин хүчиндэж, Самсунг загварын гар утас, гоо сайхны бараа, бэлэн байсан 150 мянган төгрөгийг нь дээрэмдсэн гэх хэргийг СХД-ийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн албан хаагчид илрүүлсэн байна.
Тэд БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудалд орогнож байсныг дайчлан баривчиллаа. Сэжигтэй этгээдүүд өмнө нь өөр гэмт хэрэгт холбогдуулан эрэн сурвалжлагдаж байжээ.
Иймд иргэд та бүхэн хувиараа такси үйлчилгээнд явахдаа сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.