Маргааш сондгой тоогоор төгссөн дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Наймдугаар сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал, маргааш тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулах бол сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашины хөдөлгөөнийг 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлана. Түүнчлэн сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашинууд наймдугаар сарын 27-нд хөдөлгөөнд оролцож, тэгш тоотой нь хязгаарлагдах зарчмаар есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.
Дугаарын хязгаарлалтын бүс:
- Хойд хязгаар нь 32-ын тойрог
- Урд хязгаар нь 120-ийн уулзвар
- Зүүн хязгаар нь Чулуун овооны аюулгүйн тойрог
- Баруун хязгаар Саппорогийн тойргийн хүрээнд зорчуулна.
Өнгөрсөн жил авто машиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээ авснаар 38 орчим хувиар замын хөдөлгөөний түгжрэл, саатал буурсан үзүүлэлттэй гарсан учраас энэ арга хэмжээг дахин авч байгаа аж. Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцсон зөрчлийг камерын хяналтаар илрүүлж, торгууль ногдуулдгийг ТЦА мэдээллээ.