ЭЕРЭГ: Балетын гоцлооч Ө.Мөнхжин Атлантагийн театрт бүжиглэнэ
Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Ө.Мөнхжин Атлантагийн театрт бүжиглэхээр болжээ. Тэрбээр зургадугаар сард АНУ-д зохион байгуулж буй олон улсын балетын жүжигчдийн нэр хүндтэй “USAIBC” тэмцээний сүүлчийн шатанд шалгарч байв.
Өлзийжаргалын Мөнхжин нь 2010-2018 онд ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн бөгөөд 2018 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрт балетын жүжигчнээр ажиллаж буй юм.
Тэрбээр 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан “IBCC 2017” тэмцээнээс “Тусгай байр”-ын шагнал, 2019 онд ОХУ-ын Улаан-Үдэ хотод зохион байгуулсан “Орос-Япон Евро Азийн” балетын анхдугаар тэмцээнээс дэд байрын шагналыг тус тус хүртсэн.