Гурван настай хүүг ухаангүй болтол зодсон Э-гийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж, ээжийг нь 300 мянгаар торгожээ
Баянгол дүүрэгт гурван настай хүүг ээжийнх нь хамтран амьдрагч нь зодож хүнд гэмтээсэн хэрэг энэ оны гуравдугаар сарын 6-7-нд гарсан.
Энэ хэргийн явцыг ЦЕГ-аас тодруулахад холбогдогч Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ болон 16.7 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/ зүйл ангиар шүүхэд шилжсэн байсныг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Холбогдогч Э нь өмнө нь шалгагдаж байсан бусдыг залилсан хэрэгтээ шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн бол ийнхүү гурван настай хүүг зодсон асуудлаар дахин шийтгүүлэх юм байна.
Хүүгийн ээжид Зөрчлийн тухай хуулийн 6.20-д зааснаар 300,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Зөрчлийн тухай хуулийн 6.20 гэдэг нь хүүхдийн эрхийг зөрчих зүйл анги бөгөөд хүүгийн ээжийг хүүхдийн дэргэд архидан согтуурсан үндэслэлээр торгожээ.