Энэ намар заавал үзэх кино “Хүний ээж”
Д.Ганцэцэг, А.Ганчимэг хэмээх ижил төстэй нэртэй, үзэсгэлэнтэй, чадварлаг хоёр жүжигчин бүсгүйг Монголын үзэгчид андахгүй сайн мэднэ. Харин дөрвөн жилийн өмнөөс тэднийг үзэгчид дан ганц жүжигчин биш зохиолч, найруулагч хэмээх нүдээр харж, дараагийнх нь бүтээлийг шимтэн хүлээж байлаа.
Хоёр Ганаа нийлж “Аримун” хэмээх продакшн байгуулан анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киногоо 2019 онд үзэгчдийн хүртээл болгож байв. Тэдний анхны зохиол, анхны найруулга гэхэд маш чамбай уран бүтээл болж, тухайн жилийг олон нийт “Халуун зүрх”-ээр “амьсгалж” өнгөрүүлсэн байдаг.
Нэгэн хэвийн хайр дурлал, гэмт хэрэг, аймшгийн киноноос залхсан үзэгчдэд “Халуун зүрх” огт өөр мэдрэмжийг бэлэглэж чадсаан. Хэн нэгний сэтгэлээ зориулж хийсэн бүтээл гэдэг бусдын сэтгэлд ямар их хүрч, онцгой мэдрэмж бэлэглэж чаддагийг “Хоёр Ганаа” тод томруун харуулж чадсан билээ.
Үүнээс хойш тэд ямар нэгэн шинэ уран бүтээл хийгээгүй. Үүнд нь үзэгчид сэтгэл дундуур байсан нь үнэн. Тэгвэл “Аримун” продкашн дараагийн ээлжит бүтээлээ есдүгээр сарын 08-наас үзэгчдэд хүргэнээ гэдгээ зарласан нь хамгийн сайхан мэдээ байв.
Тэдний хоёр дахь киноны нэр нь “Хүний ээж”. Нэрнээсээ эхлээд постер нь хүртэл хэн хүний сонирхлыг өөрийн эрхгүй татаж байв. Зохиолыг нь мөн л А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь МУГЖ Д.Ганцэцэг ажиллажээ. Дүрүүдэд хоёр “Ганаа”-гаас гадна, “Маск” продкашны жүжигчин Ж.Мөнхсайхан /МУГЖ/, “Gangbay” хамтлагийн дуучин Баянаа буюу С.Баянмөнх нар тоглосон нь үзэх хүслийг улам их өдөөж байв.
Анхны киногоороо эмэгтэй хүний дотоод сэтгэлийн хүч, тэсвэр тэвчээрийг үзэгчдийн сэтгэлд “тамгалсан” тэдний дараагийн бүтээл яг юуг онцолсон нь олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй. Байдаг л нэг санаа, улиглалаас ангид байдаг “Аримун” продакшны хоёр дахь уран бүтээл энэ намрын хамгийн их хүлээлт үүсгэж буй, нээлтийг нь тэсэн ядан хүлээж байгаа кино яахын аргагүй мөн билээ.