ЭМЯ: Хөл хорионы үеэр дархлаажуулалтыг түр зогсооно
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоолоо. Уг шийдвэр нь COVID-19 өвчний тархалтыг хумих, дэгдэлтийг саармагжуулах үүднээс тавигдаж буй. COVID-19-ийн шинэ тохиолдын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсныг харгалзан хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн байна.
Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулсанаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай билээ.
Дархлаажуулалтад ашиглаж байсан зарим вакциныг 28 хоногийн дараа хоёр дахь тунг тарихаар төлөвлөж байсан бөгөөд хатуу хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болж байна.
БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21-56 хүртэлх хоногийн зайтай тарихыг зөвлөж байгаа тул вакцинжуулалтын 2-р тунг хийлгэх иргэдийн дархлаа тогтоцод нөлөө үзүүлэхгүй болно. (эх сурвалж: National Medical Journal of China. 2021 Apr 02, CDC, China, 2021)
Мөн Астразенека вакцины хувьд 7-12 долоо хоногийн дараагаас 2 дахь тунгаа хийх зөвлөмжтэй билээ. Тиймээс 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй.
Дархлаажуулалтад ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилчдыг COVID-19 өвчний илрүүлэг, хариу арга хэмжээнд хүч нэмэгдүүлэх бөгөөд өвчний тахалт, хамрах хүрээг хумих, ойрын хавьтагчдыг илрүүлэх ажилд дайчилна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.