БНСУ-ын Эксим банкны зээлээр 5000 айлын орон сууцыг Буянт-Ухаад барина
“Солонго-1 орон сууцны хороолол” барих төслийн гэрээг өчигдөр баталжээ.
БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1, 2″ орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээ ийнхүү албажсанаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, хуучин Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын зүүн талд, 17.5 га талбайд 5002 айлын орон сууцны хорооллын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр болж байна.
Тус хорооллыг БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гийн жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 40 сарын хугацаанд барихаар гэрээнд тусгажээ.
Гэрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНСУ-ын “Колон глобал корпорэйшн” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Жо Хүн Чул нар гарын үсэг зуржээ.