Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг өргөн барилаа
“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд батлуулахаар Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн ИТХ-ын Ж.Батбаясгаланд өргөн барилаа.
Уг төсөл нь 6 бүлэг, салбарын 14 үр дүн, төсвийн ерөнхийлөн захирагчийн 34 үр дүн, хөтөлбөрийн 95 үр дүн нийт 143 үр дүн, 418 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Төлөвлөгөөгөө хуулийн хүрээнд боловсруулж, үр дүнд суурилан танилцуулахаар бэлдэж байна. Харьяа 82 байгууллагаасаа санал авч нягтлан, төлөвлөгөөний төслийг үр дүнд суурилсан, хэмжиж, хүрч болохуйц, бодитой цаг хугацаатай байх шаардлагыг баримтлан боловсруулсан” гэж онцоллоо.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Улс, нийслэлийнхээ урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж, жил жилийнхээ төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн эрэмбэ дарааг зөв тодорхойлж, төлөөлөгчид, намын бүлгүүд, ажлын хороодод сайтар танилцуулж, зохион байгуулах шаардлагатай” хэмээв.