Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын сонгуулийн жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон “Хөгжил” политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутагт байгуулж байгаа нь энэ юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс, бидний амьдарч буй нийгэм бүгдэд тэгш хүртээмжтэй байж иргэн бүр улс орныхоо хөгжилд оролцоотой, нэгдэн нягтарч хамтдаа урагшлах ёстой. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа мэдэгдэж байна. Мөн бусад улс төрийн бусад намуудад ч уриалж байна” гэв.