ЦЕГ: Нохойд хазуулсан эмэгтэйд туслаагүй иргэдийг олж, мөрдөн шалгаж байна

“Нохойд хазуулсан эмэгтэй 10 гаруй оёдол тавиулж хүнд гэмтэлтэй эмчилгээ хийлгэж байна. Хажуугаар нь гарсан тээврийн хэрэгсэлтэй явсан жолоочид иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд харамсаж байна” хэмээн Өмнөговь аймгийн Засаг дарга цахим хуудсандаа мэдээлэл оруулаад буй. Иргэд ч тухайн үеийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацсан.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургадугаар багт иргэн 5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр бүртгэгдсэн. Тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоон, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв.

Эрүүгийн хуулиас

15.2 дугаар зүйл. Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх

1.Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас:

2.1.хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан;

2.2.хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

20.15 дугаар зүйл.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах

1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *