Политехник коллежуудад “Pearson” мэдээллийн технологийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
Политехник коллежуудад “Pearson” байгууллагын мэргэжлийн боловсролын олон улсын мэдээллийн технологийн хөтөлбөрийг (Pearson BTEC International Level 3) энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэллээ.
Дэлхийн 70 гаруй улс орны Засгийн газар, ажил олгогч, мэргэжлийн холбоод, 300 гаруй их дээд сургуулиар хүлээн зөвшөөрөгдсөн тус хөтөлбөрийг төрийн өмчит таван политехник коллеж хэрэгжүүлэх эрхээ авчээ.
Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт мэдээллийг технологийн ашиглалтыг чанарын болон ур чадварын өндөр түвшинд хүргэх, сургалтын агуулга хөтөлбөр, сургалтын орчныг шинэчлэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, ирээдүйд шаардагдах мэдээллийн технологийн салбарын эрэлтэд мэдрэмж бүхий мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг бий болгоход Pearson BTEC олон улсын мэдээллийн технологийн хөтөлбөр чухал хувь нэмрээ оруулна.
Энэхүү хөтөлбөрийн төгсөгчид суралцагч Үндэсний болон олон улсын хос дипломтой төгсөх, олон улсын хөдөлмөрийн зах зээлд шууд гаран ажиллах, 300 гаруй их дээд сургуульд элсэн суралцах, боломж нь бүрэн нээгдэх юм байна.
Харин “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангийн 140 орчим мянган сурагчийг энэ хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлээд буй. Цаашид 2024-2025 оны хичээлийн жилд III – IV анги, VII-VIII ангид, 2025 – 2026 онд үндэсний хэмжээнд “Pearson English” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар 120 үндэсний сургагч багш бэлдэж, 1600 гаруй багш олон улсын англи хэлний хөтөлбөрийн заах аргазүйн сургалтад хамрагдсан байна.