Эстони улсын сайн туршлага “Цахим оршин суугч” платформыг нэвтрүүлнэ
Эстони улсын И-Засаглалын академитай цахим шилжилтийн хоёр дахь түвшний хамтын ажиллагааг эхлүүлж ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, И-Засаглалын академийн захирал Ханнес Асток нар гэрээнд гарын үсэг зуржээ.
Ингэснээр иргэн бүрт тоон гарын үсгийг түгээх, бизнесийн зөвшөөрлийг цахимжуулж И-Бизнес шийдлийг боловсруулж, Эстони улсын сайн туршлага “Цахим оршин суугч” платформыг нэвтрүүлэхээр харилцан тохирсон байна.
“360 зөвшөөрлийг бүрэн цахимжуулж чадвал иргэд хурдан хугацаанд авах боломжтой болно. Үйл ажиллагаа явуулахын тулд тоног төхөөрөмжөө авах зэргээр хөрөнгө оруулалт хийж байж зөвшөөрлийн хүсэлт гаргадаг” хэмээн ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлж байсан юм.
2019 онд Эстони улсын И-Засаглалын академитай Монгол Улсын Засгийн газар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цахим хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх, И-Монгол платформыг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ авсны үндсэн дээр 1000 гаруй төрийн үйлчилгээ хэрэглээнд нэвтэрч И-Монгол 3.0 хувилбарыг 2023 онд олон нийтэд танилцуулсан билээ.